2026 оны 10 дугаар сарын 22-нд
ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, The Nature Convervancy (TNC), “Өнө Мөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр”-ийн зөвлөх багтай хамтран “Нэн ховор болон ховор ургамлын зүйлүүд, бүлгэмдлийн мэдээллийг Экологийн чухал ач холбогдолтой газар нутгийн үнэлгээнд хамруулах боломж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн зорилго нь нэн ховор, ховор ургамал, мөөгийг in-situ орчинд хамгаалах, экологийн чухал ач холбогдолтой газарт оруулах улмаар ТХГН-т хамруулахад оршино.
Өнөөдөр нэн ховор ургамал, мөөгийн газар нутагтаа хамгаалагдаж чадахгүй байгаа талаар илтгэгчид онцлов. Тухайлбал, Их шүүдэргэнэ (Chelidonium majus L.)-ийн бүртгэгдсэн 41 тархцын цэгээс зөвхөн 8 нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байгаа судалгааны үр дүн гарсан байна.


Хэлэлцүүлэгт ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцож, нэн ховор, ховор ургамал, мөөг, хаг, замгийн тархцын мэдээллийг Экологийн чухал ач холбогдолтой газар нутгийн үнэлгээнд тусгуулах ажлыг эхлүүлэхээр тогтов.